APCERT-ийн 2025 оны тайлан
Нүүр/Нийтлэл/APCERT-ийн 2025 оны тайлан

APCERT-ийн 2025 оны тайлан

2026-05-19 84КХЗТҮТ зөвлөмж

Кибер халдлагын тоо өсөж, өгөгдөл барьцаалах болон хиймэл оюуны эрсдэл нэмэгдэж байна

Монгол Улсын Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв (National CSIRT of Mongolia) нь 2024 оноос Ази, Номхон далайн Компьютерын зөрчилд хариу үзүүлэх багуудын холбоо (APCERT)-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2025 оны APCERT-ийн жилийн тайланд бүс нутгийн бусад CERT/CSIRT байгууллагуудын болон тус төвийн үйл ажиллагааг хамт танилцууллаа. Тайланд кибер халдлагын тоо нэмэгдэж, өгөгдөл барьцаалах халдлага, фишинг залилан, хиймэл оюун ухаантай холбоотой шинэ эрсдэлүүд, мөн онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий систем руу чиглэсэн аюул занал өсөн нэмэгдэж буйг онцолсон байна.

APCERT-ийн 2025 оны тайлангийн онцлох гол агуулгууд:

Кибер халдлагын тоо өсөв

2025 онд Ази, Номхон далайн бүс нутагт бүртгэгдсэн кибер халдлагын тоо мэдэгдэхүйц өсөж, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх байгууллагуудад ирэх ачаалал нэмэгдсэн байна. Австралийн Кибер аюулгүй байдлын төв (ACSC) 1,200 гаруй кибер зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 11 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн тус байгууллага 42,500 гаруй дуудлага хүлээн авч, 1,700 гаруй кибер аюул заналын талаар сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Харин Энэтхэгийн CERT-In байгууллага 29.4 сая кибер зөрчлийг шийдвэрлэсэн нь бүс нутгийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ.

Өгөгдөл барьцаалах халдлага гол аюул хэвээр байна

2025 онд өгөгдөл барьцаалах төрлийн халдлага бүс нутгийн хамгийн том кибер эрсдэлүүдийн нэг хэвээр байлаа. Энэ эрсдэлийг анхааруулж, APCERT-ийн жил бүрийн кибер дадлага, сургуулилт “When Ransomware Meets Generative AI,”  сэдвээр зохион байгуулагдаж, 18 улсын 24 CSIRT байгууллага оролцон кибер хадлагад хамтран хариу арга хэмжээ авах чадвараа бэхжүүлжээ.

Бодит жишээ нь Тонга улсад бүртгэгдсэн өгөгдөл барьцаалсан халдлага байв. 2025 оны 06 дугаар сард тус улсын Үндэсний Эрүүл Мэндийн Мэдээллийн Систем (NHIS) халдлагад өртөж, 4 эмнэлгийн өвчтөний мэдээллийн систем доголдсон байна. Тонга улс халдагчдад мөнгө төлөхөөс татгалзаж, Австрали улсын CSIRT байгууллагаас дэмжлэг авсан байна.

Хиймэл оюун: Боломж ба эрсдэл

Хиймэл оюун (AI) нь нэг талаас кибер хамгаалалтыг сайжруулах хэрэгсэл болж байгаа ч нөгөө талаас шинэ төрлийн эрсдэл үүсгэж байна. APCERT 2025 онд “Using AI to Enhance Incident Response in CERTs”, “Impact of AI on Cyber Threat Intelligence” зэрэг сэдвээр сургалтуудыг зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ гишүүн байгууллагууд “generative” хиймэл оюун болон том хэлний загварууд (LLM) нь кибер гэмт хэрэгтнүүдийн шинэ халдлагын орчин болж байгааг анхааруулжээ. 

Фишинг болон онлайн залилан хамгийн түгээмэл хэвээр

Фишинг халдлага бүс нутгийн олон орны хамгийн түгээмэл кибер зөрчлийн нэг хэвээр байна. БНСУ-ын KrCERT/CC байгууллага онлайн залилантай тэмцэх зорилгоор “Phishing Zero” санаачилгыг үргэлжлүүлсэн бол Индонезид фишинг халдлага хамгийн өргөн тархсан кибер зөрчлийн нэг хэвээр байна. Бруней улсад ч мөн фишинг хамгийн олон бүртгэгдсэн зөрчил болсон байна. Австралийн ACSC байгууллага MITRE ATT&CK хүрээний үнэлгээнд фишингийг хамгийн түгээмэл халдлагын арга гэж тодорхойлжээ.

Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага руу чиглэсэн кибер аюул занал

Эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ зэрэг онц чухал дэд бүтцэд чиглэсэн кибер халдлагын эрсдэл өссөөр байна. Австралид бүртгэгдсэн нийт кибер зөрчлийн 13 хувь нь эдгээр байгууллагын систем руу байсан нь тус салбар улам их онилогдож байгааг харуулжээ. Шри Ланка улс Үндэсний кибер аюулгүй байдлын үйл ажиллагааны төв (NCSOC)-ийг байгуулж, 37 онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагыг хамруулсан байна. Мөн Тайланд улс эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, санхүүгийн салбаруудад зориулсан салбарын CERT багуудыг өргөжүүлэн байгуулсан байна.

Кибер аюулгүй байдлын тухай хууль тогтоомжууд хэрэгжиж эхлэв

2025 онд бүс нутгийн хэд хэдэн улс кибер аюулгүй байдлын эрх зүйн орчноо бэхжүүлжээ. Тухайлбал, Тонга улс өгөгдөл барьцаалах халдлагын дараа “Cybersecurity Act” 2025 хуулийг баталсан бол Лаос улс шинэ кибер аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулжээ. Харин Мьянмар улс 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс Кибер аюулгүй байдлын хуулийг мөрдөж эхэлсэн байна. Эдгээр өөрчлөлт нь бүс нутгийн хэмжээнд кибер засаглал, халдлагад хариу арга хэмжээг авах чадавхыг бэхжүүлэх чиг хандлага эрчимжиж байгааг харуулж байна.


Энд дарж тайланг бүтнээр нь үзнэ үү