2024 оны Дэлхийн кибер аюулгүй байдлын индекс (Global Cybersecurity Index)-т Монгол Улс 3-р түвшинд багтсан тухай тайланг Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU) 9-р сарын 12-нд нийтэллээ. Ингэснээр тус салбарт Монгол Улс бодитой ахиц гаргасныг илтгэж байна.
Дэлхийн кибер аюулгүй байдлын индекс 2024: Үнэлгээний систем
Дэлхийн кибер аюулгүй байдлын индексийн судалгаанд нийт 194 улс багтсан ба дараах байдлаар үзүүлэлтүүдийг ангилсан байна.
- 1-р түвшин: Жишиг болох (Role-modeling)
- 2-р түвшин: Ахисан (Advancing)
- 3-р түвшин: Бэхжиж буй (Establishing)
- 4-р түвшин: Хөгжиж буй (Evolving)
- 5-р түвшин: Үүсэж буй (Building)
Монгол Улс 3-р түвшинд багтаж “Бэхжиж буй” гэдэг ангилалд орсон нь кибер аюулгүй байдлыг хангах, аюулгүй цахим орон зайг бүрдүүлэх чиглэлээр чармайлт гаргаж байгааг харуулж байна. Тус тайланд дурдсанаар, энэ түвшинд багтсан улсууд кибер аюулгүй байдлын хууль эрх зүйн, техникийн, байгууллагын бүтэц болон бусад хүчин зүйлсийг бий болгож эхэлж байгаа ч тэдгээрийг бүрэн хэрэгжүүлэх тал дээр зарим асуудалтай тулгарч буйг онцолжээ.
Монгол Улсын үзүүлэлтүүд
Монгол Улс сүүлийн жилүүдэд GCI-ийн хэд хэдэн үзүүлэлт дээр, ялангуяа эрх зүй, зохион байгуулалт болон чадавх хөгжүүлэх чиглэлээр ихээхэн ахиц гаргасан байна. Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 онд баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн нь Монгол Улсыг энэ үзүүлэлтээр өндөр оноо авахад нөлөөлсөн голлох хүчин зүйл юм. Мөн тус хуулийн хүрээнд Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд байгуулагдсан ба Кибер аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан. Чадавх хөгжүүлэх чиглэлээр Монгол Улс кибер аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг сургах хөтөлбөрүүдийг бүс нутаг болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн боловч энэ чиглэлээр илүү өргөн хүрээнд, олон нийт болон залуучуудад зориулсан боловсрол, сургалт явуулах нь зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Гэвч тайланд дурдсанаар Монгол Улсад техник технологийн арга хэмжээний хүрээнд буюу Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, халдлагад хариу үзүүлэх чадварыг сайжруулах болон салбарын CERT/CSIRT бий болгох шаардлага байсаар байна. Харин хамтын ажиллагааны хүрээнд хоёр болон олон талт албан ёсны хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн олон улсын кибер гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах конвенцод нэгдэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг үзэглэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарах цаг болсныг илтгэж байна.
Дэлхийн кибер аюулгүй байдлын индексийн 2020 оны тайлантай харьцуулахад Монгол Улс 26.20 үнэлгээтэйгээр 120-т эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 56.36 үнэлгээ авч 103-т орсон нь ахиц тодорхой харагдаж байна. (Энэ оны тайлангийн үнэлгээний системээр улс орнуудыг эрэмбэлээгүй, харин 5 түвшинд ангилсан тул нийт үзүүлэлтүүдийг тооцож гаргасан болно)
Дэлхийн Кибер Аюулгүй Байдлын Индексийн тайлангаар дэлхий даяар улс орнууд кибер аюулгүй байдлын хүрээнд ихээхэн ахиц гаргасныг Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорин Богдан-Мартин дурдаж, “Дижитал орчинд итгэлцэл бий болгох нь маш чухал” гэжээ. Улам нарийн, төвөгтэй болж буй кибер халдлагуудыг даван туулахын тулд чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд хөрөнгө оруулах, кибер аюулгүй байдлын үндэсний стратегиа боловсронгуй болгох шаардлагатайг мөн онцолсон байна.
Иймд цаашид Монгол Улс кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, халдлагад хариу үзүүлэх чадамжаа сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллах нь чухал байна. Эдгээр хүчин чармайлт нь Монгол Улсын үнэлгээг ирээдүйд илүү өндөр түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Эх сурвалж: https://www.itu.int/en/ITU-D/Cybersecurity/Pages/global-cybersecurity-index.aspx
-
2024-11-01
-
2024-11-01