
Кибер халдлага, зөрчил нь улсын хил хязгаарыг үл харгалзан маш богино хугацаанд тархах болсон тул ийм нөхцөлд кибер аюулгүй байдлын асуудалд шуурхай, уялдаа холбоотойгоор хариу арга хэмжээ авах нь нэн чухал болж байна.
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болох RFC 2350 буюу “Expectations for Computer Security Incident Response” нь CERT/CSIRT багуудад өөрсдийн зорилго, чиг үүрэг, үйлчилгээ болон холбоо барих мэдээллээ ил тод, тодорхой байдлаар нийтлэх хүрээг тогтоодог. Энэ нь итгэлцлийг нэмэгдүүлж, байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулан, кибер халдлага, зөрчилд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлдэг. Өнөөдөр төрийн болон хувийн CERT/CSIRT-ууд энэхүү баримт бичгийн дагуу боловсруулсан RFC 2350-ийн танилцуулгаа өөрсдийн цахим хуудсанд нийтэлж, ил тод байдал болон олон улсын хамтын ажиллагаанд тууштайгаар хувь нэмрээ оруулж байна. Энэ нь гадаадын олон CERT/CSIRT байгууллагын түгээмэл жишиг болсон юм.
Монгол Улсын Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв (National CSIRT) нь олон улсын энэ стандартад нийцүүлэн RFC 2350 танилцуулгаа албан ёсоор нийтэллээ. Энэхүү мэдээллийн баримт бичиг нь манай төвийн зорилго, чиг үүрэг, үйлчилгээ, холбоо барих мэдээллийг тодорхой тусгаснаар дотоод болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, кибер халдлагад хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад чиглэнэ.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төвийн RFC2350 танилцуулгыг дараах холбоосоор үзнэ үү.
[1] https://datatracker.ietf.org/doc/html/rfc2350#appendix-E