
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал боллоо
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар цахим залилан, фишинг халдлага, хортой кодын тархалттай тэмцэх, үндэсний кибер хамгаалалтын чадавхыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Монгол Улсад 2021 онд 4,825 цахим гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2025 онд 14,638 болж гурав дахин өсжээ. 2026 оны эхний есөн сарын байдлаар 13,024 хэрэг бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 32.2 хувийг эзэлж байна.
Цахим залилангийн мөнгө хэдхэн минутын дотор олон дансаар дамжин гадны улс руу шилжиж, олох боломжгүй болдог учраас хохирол учирсны дараа мөрдөхөөс илүүтэйгээр гүйлгээ хийгдсэн даруйд илрүүлж, хөрөнгийг шуурхай хязгаарладаг тогтолцоо нэн чухал.
Тиймээс цахим залилантай тэмцэх АНТИСКАМ тогтолцоо, zalilan.113.mn урьдчилан мэдээлэх систем, үндэсний кибер хамгаалалт, 24/7 хяналт, шуурхай хариу арга хэмжээг бэхжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэрүүд гарлаа.
Антискам тогтолцоо бол иргэн, бизнес эрхлэгч, банк, санхүүгийн байгууллага, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, хууль сахиулах байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, харилцан итгэлцэл, шуурхай ажиллагаанд суурилсан цогц тогтолцоо юм.
Бид хохирлын араас хөөцөлдөх бус, урьдчилан илрүүлэх, хохирогчийн мөнгөн хөрөнгийг шуурхай хамгаалах, халдлагыг таслан зогсоох цогц арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь чухал юм.