
Ази, Номхон далайн Компьютерын зөрчилд хариу үзүүлэх баг (APCERT) 2024 оны жилийн тайлангаа нийтэлжээ. Тайланд бүс нутгийн кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр гишүүн байгууллагуудын хийсэн гол ажлууд, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн харуулсан байна. APCERT нь 2003 онд анх үүсгэн байгуулагдсан бүс нутгийн CERT/CSIRT багуудын холбоо бөгөөд кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн итгэлцэлтэй сүлжээг бий болгож, кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадварыг хамтдаа сайжруулах зорилготой юм.
Тайлангийн үндсэн агуулгаас онцлох нь:
- Кибер дадлага, сургуулилт өргөн цар хүрээтэй зохион байгуулагдав.
APCERT-ийн кибер сургуулилтад 22 баг, мөн гадаадын 3 зочин баг (OIC-CERT болон AfricaCERT-ээс) оролцсон нь бүс нутгийн хамтын ажиллагаа улам өргөжиж буйн илрэл байлаа. - Цар тахлын дараах уулзалтууд дахин сэргэж, хамтын ажиллагаа идэвхжилээ. Тайваны Тайпэй хотод болсон APCERT-ийн жилийн нэгдсэн чуулга уулзалт болон бага хурал, Японы Фүкүока хотноо зохион байгуулагдсан олон улсын кибер аюулгүй байдлын FIRST нийгэмлэгийн хурал зэрэг үйл ажиллагаанд оролцож, гишүүд харилцан туршлага солилцох, биечлэн уулзах боломж бүрдсэн.
- 5G сүлжээний аюулгүй байдлыг хангах шинэ ажлын хэсэг байгуулагдав.
APCERT шинээр 5G аюулгүй байдлын Ажлын хэсэг байгуулж, 5G сүлжээтэй холбоотой эрсдэлийг тодорхойлох, түүнийг бууруулах арга хэмжээний чиглэлээр судалгаа, зөвлөмж боловсруулах ажлыг эхлүүлжээ.
Монгол Улсаас Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв ТББ (MNCERT/CC) болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв (National CSIRT) нь APCERT-ийн бүрэн эрхт гишүүд бөгөөд бүс нутгийн бусад багуудтай кибер халдлага, зөрчилтэй хамтран тэмцэхэд идэвхтэй оролцож байна. APCERT-ийн гишүүнчлэлийн хүрээнд бүс нутгийн бусад багуудтай мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, хамтарсан дадлага, сургуулилт зохион байгуулах замаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын чадавхыг олон улсын түвшинд бэхжүүлж байна.
Тайлангийн “Гишүүдийн Ажлын Тайлан” хэсэгт Монголын хоёр багийн 2024 онд хийсэн ажлууд, амжилт, сургалт болон оролцсон арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл багтжээ. Мөн тайлангаас бүс нутгийн бусад CERT/CSIRT багуудын үйл ажиллагаа, туршлага, сургалтын мэдээллийг уншиж танилцах боломжтой. Тайланг бүрэн эхээр нь дараах холбоосоор үзнэ үү.
Тайлан татах холбоос: APCERT Annual Report 2024.pdf
-
2025-06-23
-
2025-05-13