Интернэт сүлжээний хэрэглээ дэлхий даяар нэмэгдэхийн хэрээр 1980-аад оны сүүлчээр анхны кибер халдлагууд бүртгэгдсэн. Тухайлбал, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарсан “Morris worm” нэртэй хортой программ интернэтийн сүлжээгээр дамжин хэдэн мянган компьютерт халдаж, тухайн үеийн хамгийн том кибер халдлагуудын нэг болсон. Энэхүү үйл явдал нь анх удаа кибер халдлагад хариу өгөх зохион байгуулалттай систем, хамтын ажиллагааны хэрэгцээг дэлхий нийтэд ойлгуулж, улмаар АНУ-д анхны CERT (Computer Emergency Response Team) байгуулагдсан юм. Тухайн үед кибер халдлагад хариу үзүүлэх уялдаа холбоо сул байсан тул шуурхай, олон улсад зохион байгуулалттай хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцох бүтэц шаардлагатай болж, дэлхийн улс орнуудын багуудыг (CERT/CSIRT) нэгтгэсэн, итгэлцэл ба хамтын ажиллагаанд тулгуурласан FIRST буюу Forum of Incident Response and Security Teams төрийн бус байгууллага 1990 онд байгуулагдсан юм.

Өнөөдөр FIRST нь дэлхийн 113 улс орноос 817 багийг нэгтгэсэн, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага болжээ. Тус холбооны гишүүдийн дунд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулиуд, мөн үндэсний болон салбарын хэмжээний Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх багууд багтдаг. FIRST-ийн албан ёсны цахим хуудсанд гишүүн баг бүрийн холбоо барих мэдээлэл, чиг үүрэг, болон хариуцсан салбар зэрэг танилцуулгыг олон нийтэд нээлттэй байршуулсан байдаг. Мөн гишүүн байгууллагууд нь цахим платформ ашиглан мэдээллээ солилцох “Malware Information Sharing Platform (MISP)” ашиглах боломжтой бөгөөд бүх гишүүдийн холбоо барих мэдээлэл, чиг үүрэг, хариуцсан салбарын танилцуулга зэрэг албан ёсны мэдээллүүд нэг дор байршуулсан байдаг. Энэ нь байгууллагууд хооронд итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, туршлага солилцох, харилцаа тогтоох боломжийг олгодог бөгөөд кибер халдлагад хариу үзүүлэх олон улсын уялдаа холбоог бодитоор дэмждэг чухал платформ юм.
Жил бүр болдог FIRST жилийн нэгдсэн хурал нь дэлхийн кибер аюулгүй байдлын салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг бөгөөд шинжээчид, мэргэжилтнүүд цуглан шинэ эрсдэл, технологи болон сайн туршлагаа хуваалцдаг юм. FIRST нь зөвхөн байгууллагуудыг холбох бус, дэлхий даяар мөрдөгдөж буй кибер аюулгүй байдлын стандартуудыг боловсруулах, нэвтрүүлэх чиглэлд ч тэргүүлж байна. Гишүүд нь тусгай мэргэшсэн ажлын хэсгүүд (Special Interest Groups) байгуулж, аюулгүй байдал болон кибер зөрчилд хариу өгөх багуудын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах зорилготой олон улсын стандартуудыг хамтран боловсруулдаг. FIRST-ийн цахим хуудсанд жилийн нэгдсэн хурлуудын илтгэл, судалгаа, танилцуулга зэрэг баримт материалыг олон нийтэд нээлттэй хүргэдэг. Жишээ нь, “37th Annual FIRST Conference”-ийн үеэр танилцуулсан илтгэлүүд болон өмнөх жилүүдийн хурлуудын танилцуулгууд бүгд нэг дор байршиж байгаа нь тус байгууллагын ил тод байдал, мэдээлэл хуваалцах гэсэн үндсэн зарчмуудыг бодитоор хэрэгжүүлж буй нотолгоо юм.
FIRST байгууллагын стандартууд, судалгааны өгүүлэл, илтгэлүүд болон сургалтын материалуудыг дараах албан ёсны хуудаснаас үзэх боломжтой:
- 📘 FIRST Standards: https://www.first.org/standards/
- 📚 FIRST Publications & Papers: https://www.first.org/resources/papers/
Монгол Улсаас Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв (National CSIRT), Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв (Public CSIRT) болон Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв (MNCERT/CC) ТББ FIRST-ийн гишүүнчлэлтэй юм.
• 📍 FIRST Members Map (Монгол Улс): https://www.first.org/members/map#mongolia
[1] Software Engineering Institute. (n.d.). Fostering growth in professional cyber incident management. Carnegie Mellon University. Retrieved October 31, 2025, from https://www.sei.cmu.edu/history-of-innovation/fostering-growth-in-professional-cyber-incident-management/
[2] Forum of Incident Response and Security Teams. (n.d.). FIRST – Improving security together. Retrieved October 31, 2025, from https://www.first.org/