Мэдээллийн аюулгүй байдлын газраас Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд болон Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын дунд “ITACTIC-2025” стратегийн команд штабын хамтарсан дадлага сургуулилалтыг 2025 оны 11 дүгээр сарын 13–14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хоёр өдрийн арга хэмжээнд 22 байгууллагын 80 гаруй мэргэжилтэн оролцож, улс орон даяар кибер аюулгүй байдлын чадавхыг нэмэгдүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн цогц хөтөлбөрөөр ажиллав.
Энэ удаагийн сургуулилалтын хүрээнд рансомвер болон фишинг төрлийн халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагын үед шуурхай хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч, инженерийн баг болон удирдлагын багуудад тусдаа даалгавар өгч ажиллуулсан. Мөн сургуулилалтын үеэр хоёр төрлийн техникийн дадлага, хоёр төрлийн Table-top дасгал зохион байгуулж, оролцогчдыг байгууллагаараа биш хооронд нь хольж шинэ багууд бүрдүүлэн ажиллуулсан нь энэ жилийн сургуулилалтын онцлох шинэлэг хэлбэр байлаа. Ингэснээр оролцогчид салбарын мэргэжилтнүүдтэй танилцаж, хамтарч ажиллах, суралцах, нөхцөл байдлыг олон өнцгөөс үнэлэх боломж бүрдсэн юм.
Нээлтийн үеэр зохион байгуулагчийн зүгээс үндэсний хэмжээнд кибер аюул заналтай тэмцэж, мэдээллийн аюулгүй байдлын найдвартай, хүртээмжтэй байдлыг хангахын тулд ийм төрлийн сургуулилалтыг тогтмол зохион байгуулж, “ITACTIC” арга хэмжээ нь цаашид уламжлал болон салбарын жишиг болж өргөжнө гэдгийг онцлон дурдлаа.