Мэдээлэл, харилцаа холбооны технологи хурдацтай хөгжихийн хэрээр дэлхий дахинд эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ боломжууд нээгдэж байгаа ч хил дамнасан кибер гэмт хэрэг өсөж, аюулгүй байдалд томоохон сорилт тулгарсаар байна. Оросын Холбооны Улс 2017 оноос эхлэн мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт зорилгоор ашиглахтай тэмцэх шинэ олон улсын эрх зүйн баримт бичиг боловсруулах санаачилгыг дэвшүүлж, 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд тогтоолын төсөл өргөн барьсан нь маргаан дэгдээсэн ч эцэст нь батлагдсан юм.
Ингэснээр 2019 онд 74/247 дугаар тогтоолоор Түр хороо байгуулагдаж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх конвенцын төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд хэлэлцээ 2021–2024 онд гишүүн орнуудын төлөөлөгчид, мэргэжилтнүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой өрнөсөн. Үүний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 79/243 дугаар тогтоолоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай - Мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан үйлдэгдсэн зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, ноцтой гэмт хэргийн цахим нотлох баримтыг солилцох чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай конвенцыг албан ёсоор баталсан.
Энэхүү конвенц нь кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах, олон улсын хамтын ажиллагаа, техникийн туслалцаа ба мэдээлэл солилцоог бэхжүүлэх зорилготой НҮБ-ын түвшинд батлагдсан кибер гэмт хэрэгтэй тэмцэх анхны иж бүрэн эрх зүйн баримт бичиг юм. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ханой хотноо 2025 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан гарын үсэг зурах ёслолын үеэр 73 улс тус конвенцод нэгдэхээ илэрхийлсэн байна.
НҮБ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенц нь удиртгал болон 9 бүлгээс бүрдэх бөгөөд кибер гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нотлох баримт цуглуулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх цогц эрх зүйн зохицуулалтыг багтаасан байна. Үүнд:
1. Ерөнхий заалт – конвенцын зорилго, нэр томьёо, хамрах хүрээг тодорхойлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчим.
2. Гэмт хэрэгт тооцох үйлдэл – хууль бус хандалт, цахим өгөгдөл болон системд хөндлөнгөөс нэвтрэх, цахим залилан, хүүхдийн эсрэг цахим мөлжлөг, хувийн мэдээлэл тараах зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай.
3. Шүүхийн харьяалал – улс орнуудын шүүхийн бүрэн эрхийн хүрээ, харьяаллын давхцалыг зохицуулах, мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллах нөхцөл.
4. Процессын арга хэмжээ – цахим нотлох баримтыг яаралтай хадгалах, хураах, олж авах, хайх ажиллагаа.
5. Олон улсын хамтын ажиллагаа – шилжүүлэн өгөх, харилцан эрх зүйн туслалцаа, нотлох баримт солилцох, 24/7 сүлжээний хамтын ажиллагааны механизм.
6. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ – төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, кибер аюулын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд, эмзэг бүлгийн хамгаалалт.
7. Техникийн туслалцаа ба мэдээлэл солилцоо – улс орнуудын чадавхыг бэхжүүлэх, сайн туршлага, мэдлэг солилцох, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх.
8. Хэрэгжилтийн механизм – оролцогч улсуудын бага хурлыг байгуулах, хэрэгжилтийг үнэлэх, зөвлөмж гаргах болон нэмэлт протокол боловсруулах эрх зүйн суурь.
9. Төгсгөлийн заалт – хүчин төгөлдөр болох хугацаа, конвенцод нэгдэх болон гарах журам, маргаан шийдвэрлэх механизм, конвенцын албан ёсны хэлний хүчин төгөлдөр байдал зэрэг болно.
НҮБ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенц нь кибер гэмт хэргийн талаарх нэгдсэн ойлголт, хууль эрх зүйн нийцлийг бүрдүүлж, нотлох баримт солилцох, хохирогчийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлд улс орнуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж байна. Ийнхүү Монгол Улс кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын нэгдсэн ойлголт, зарчимтай нийцүүлэн хүчин чармайлтаа бэхжүүлэх, цаашдын бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд зохицуулах хэрэгцээ үүсэж байна.
Энэ конвенц батлагдсанаар кибер орчинд тулгараад буй хил дамнасан гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагааны шинэ үе эхэлж байна. Түүнчлэн хүний эрх, нууцлал, илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг тусгаснаараа дижитал орчны аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
Конвенцын бүрэн эхийг дараах холбоосоор уншиж танилцана уу.
https://www.unodc.org/unodc/en/cybercrime/convention/text/convention-full-text.html
[1] United Nations General Assembly. (2019, December 27). Countering the use of information and communications technologies for criminal purposes (A/RES/74/247). https://docs.un.org/en/A/Res/74/247
[2] United Nations General Assembly. (2024, December 24). Comprehensive international convention on countering the use of information and communications technologies for criminal purposes (A/RES/79/243).
https://docs.un.org/en/a/res/79/243
[3] https://treaties.un.org/pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=XVIII-16&chapter=18&clang=_en
-
2025-11-28
-
2025-11-27